Uuganaachat

Article

БРЭНД "тӨРҮҮЛЭГЧ"

фотог ikon.mn сайтнаас авав

Хэн нэгэн хүний тухай бичнэ гэдэг тухайн хүнийхээ өнгөрсөн цаг үеийн зовлон, жаргалыг хамт “амсаж”, сэтгэл хөдлөлийг мэдэрч, нэгэн агаараар амьсгалахтай адил санагддаг. Тийм болохоор тэр нарийн сэтгэл хөдлөлийг мэдэрч, үүнийг л илэрхийлж гаргана гэдэг хамгийн хэцүү мөртлөө цаана л гарчихвал үнэхээр амттай мэдрэмж. Яг л ийм эмээж, халгасан мэдрэмжтэйгээр нэгэн эрхмийн ертөнцөд зочилсон юм.

Монголын бизнесийн салбарт сүүлийн 16 жил “Мобиком”, “М Си Эс”  гэх толгой компанийн таван жил ажиллахдаа  хэд хэдэн брэндийг зах зээлд танилцуулж, сүүлийн арав гаруй жил Увс аймгийн хаагдах дөхөөд байсан хүнсний үйлдвэрийг Монголын номер нэг том компани болгон өндийлгөсөн өдгөө дөнгөж 36 настай амжилттай яваа залуу бизнесмен болох “UFC” группийн ерөнхий захирал Отгондаваагийн Амартүвшинтэй уншигч таныг танилцуулъя. Нягт нямбай, үг дуу цөөнтэй, биерхүү, залуу бизнесмен гэдэг цөөхөн үгээр л О.Амартүвшин захирлыг бид тодорхойлж мэдэх билээ. Өдийг хүртэл амьдралын ямар шатаар уруудаж, өгсөж одоогийн амжилтад хүрснийг түүний эргэн тойронд байдаг ойр дотнын хүмүүс болон түүнээс өөр хэн ч мэдэхгүй гэдэгтэй мөрийцөхөд л бэлэн байна. Түүнийг хоёр жилийн өмнөөс мэдэх ч уулзахаасаа өмнө мэдээлэл цуглуулахаар аавынх нь овгийг интернетээс хайгаад олоогүйг бодохоор нууцлаг намтартай гэж тодорхойлохоос яах билээ. “Баянгол” зочид буудлын цаахна Энхтайвны гүүрний дор сүндэрлэх “Гэрэгэ” хэмээн монгол бичгээр тодоос тод дурайлган бичсэн 15  давхар өндөр байшин бол “UFC” компанийн хоёр жилийн өмнө ашиглалтад оруулсан өөрийн оффис. Түүнтэй уулзахаар арван дөрөвдүгээр давхарт нь гарч хэсэг хүлээсний эцэст тухтай яриа өрнүүлэхээр суусан юм. Цэлийсэн том цонх, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, элдэв бичгийн хэрэгсэл, дэлхийн бөмбөрцөг тавьсан хар, цагаанаар хосолсон дизайнтай том ажлын ширээ, сандал өрөөнийх нь хойморт байв. Бүх зүйлийг эмх цэгцтэй эгнүүлэн тавьжээ. Хананд нь морин хуур, ганц хоёр уран зураг өлгөөтэй. Мөн  мэргэжлийн бололтой том дурантай зургийн аппарат нүднээ тусч, цаахна нь аяны цүнх, цана цухуйж байв. Түүний амгалан тайван, ажил хэрэгч өрөө энэ. Ийнхүү бид яриа дэлгэсэн юм.

Нийгмийн солигдох үеийн хатуужилтай бага нас

“Уул устай сайхан газар би төрж, өссөн. Манай нутаг өндөр сүрлэг уул нуруудтай, Сэлэнгэ мөрөн сумын төвөөс 500 орчим метрийн урдхан урсдаг юм. Тэр сүрлэг уулс, харахад дөлгөөхөн мөртлөө асар ширүүн урсгалтай Сэлэнгэ мөрний энерги надад шингэсэн юм болов уу гэж бодогддог. Ер нь хүнд төрсөн нутгийнх нь энерги шингэдэг байх” хэмээн О.Амартүвшин захирал шүтлэгтэй өнгө аясаар хэлсэн нь их сэтгэгдэл төрүүлсэн. Байгалийн энергийг мэдэрсэн, сүсэглэн биширч  буй нь амьдралын хууль гэж байгалийн хууль болохыг мэддэг, их зүйл эргэцүүлэн боддог хүн болов уу гэсэн бодол төрүүлсэн юм.  Тэрбээр Булган аймгийн Хутаг Өндөр суманд малын их эмчийн гэр бүлд айлын том хүү болж төрсөн байна. Түүний аав Отгондаваа нь Булган аймгийн Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хангал сумдад малын их эмчээр ажиллаж, ээж нь ч мөн эмнэлгийн байгууллагад насаараа ажилласан хүн ажээ. Хааяа сахилгагүйтэхээрээ үе дамжиж ирсэн суран бүсний амтыг айлын том болохоор цөөнгүй амсаж ирсэн тухайгаа ч инээмсэглэн ярьсан. Тэрбээр Булган аймгийн Хангал сум, Булган аймгийн төвийн 2-р арван жилийн дунд сургуульд зургаа дугаар анги хүртлээ суралцаад гэрийнхэн хотод шилжсэнээр 1992- 1996 онд Залуу техникчдийн ордон буюу Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуулийн Компьютер, хэрэглээний математикийн ангид шалгалт өгч 20 хүүхдийн нэг болж тэнцэн орж байжээ. Нийгэм солигдож байсан үе болохоор аав, ээж хоёр нь дөрвөн хүүхэдтэйгээ зургуулаа хотод шилжин суурьших болж, Аав нь адуу малын уламжлалт хануур хатгуурын эрдмийг судалж үүгээрээ докторын зэрэг хамгаалж, ээж нь Эрээнээс бараа зөөх гэх мэтээр тухайн үеийнхэнд тулгарч байсан сорилттой адилхан нүүр тулж, амьдралаа авч явахаар зүтгэж байжээ. Түүний аав, ээж хоёр нь хүүхдүүддээ боловсролтой байх ёстой гэж багаас нь сургаж, захидаг байсныг О.Амартүвшин захирал учирласан.

Нөгөө талаас картын бараанд шилжсэн тэр үеийн  нөхцөл, хүн бүр л амьдрах гэж тэмцэж, зүтгэж байгаа нь 12 -хон настай жаахан хүүд тэмцэх, амьдрах ёстой гэдэг хүслийг бат бэх суулгаж өгсөн ажээ. Тэрбээр “Намайг  дунд сургуульд байхад  хүүхдүүд хичээл номоо хийхээс илүүтэйгээр талхтай, хоолтой байхын төлөө л явдаг байсан үе шүү дээ. Картын барааны дараалалд  олон ч зогссон доо. Тухайн үед би өвөл зуны амралтаараа ээжийгээ Эрээнрүү наймаа хийхээр явахад өөрөө тусдаа хэдэн төгрөг өвөртөлж аваад хамт явдаг байсан ч. Ингээд амьдралтай нүүр тулж, бага ч гэсэн хар бор ажил хийж байхдаа хүн сайн мэргэжил, боловсролтой болж байж сая сайхан амьдрах юм байна гэдэг бодол толгойд хатуу суусан” хэмээн тэрбээр дурсан ярьсан.  Өөр нэг түүхийг бас ярьсан нь түүнийг үг дуу цөөнтэй ч олон зүйл эргэцүүлэн боддог хүүхэд байсан байхдаа гэсэн дүр зураг нүднээ туссан юм. Тэрбээр “Би нэгдүгээр ангидаа зургаан настай ороод, хичээлдээ ердөө л нэг сар суусан байдаг. Хуучнаар хотын хүүхдийн тавдугаар эмнэлэгт хагас жил хэвтсэн үе минь санаанаас огт гардаггүй юм. Олон сараар эмнэлэгт хэвтэхээр чинь хамт тоглож байсан хүүхдүүдийн зарим нь бурхан болчихно, зарим нь эдгэрээд гарна гэх мэтээр тэр хугацаанд олон зүйл болж байгаа юм. Цонхоор Гандан, Ахуй үйлчилгээний ордон, 3, 4 дүгээр хороолол л харагддаг байж билээ. Тухайн үед хөдөө сумаас тэр бүр эргэлт ирэхгүй, дараа жилийнх нь тавдугаар сард эмнэлгээс гараад харьж билээ. Тэр үе надад амьдрах их хүсэл эрмэлзлийг өгсөн юм шиг санагддаг. Одоо бодоход, миний эдгэчих юмсан, амьдралыг гоёор мэдрэх юмсан гэсэн эрмэлзлэл  тухайн үед тархинд их хүчтэй сууж өгсөн юм болов уу гэж бодогддог. Сорилт хүнд бусадтай нийцтэй байх, тэмцэх, амьдрах чадварыг суулгаж өгдөг юм шиг санагдсан” хэмээн ярьсан.

Дөрвөн жил эхний эгнээнд суусан оюутан

Нийгэм ч бүх зүйлийг хүндээ даатган өгч, амьдрахын төлөө бүгд л тэмцэж, зүтгэж байсан ардчиллын он жилүүд  О.Амартүвшин захиралд мөн ийм бодлыг суулгаж үлдээсэн аж. Гэхдээ тэр шантарч, бууж өгөлгүй сорилт, даваа болгоныг өөрийнхөөрөө давж өдийд хүрчээ. Тэрбээр  ““Би их сургуульд орохдоо 100 хувь хичээлдээ анхаарч, сайн сурна” гэж өөртэй хатуу зорилго тавьсан. Тэгээд анх их сургуульд орохдоо л эхний ширээнд суусан, дөрвөн жилийн дараа төгсөхдөө яг л тэндээ байсан. Энэ сургуульд сайн сурахгүй бол хөөгдчихдөг гэж хэлсэн үг миний толгойд бат суусан байж билээ. Хэрэв хичээлээ сайн хийхгүй бол зах дээр очиж худалдаа хийнэ гэдгээ мэддэг байсан” хэмээн хэлсэн юм. Тэрбээр ШУТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль (КТМС)-д 1996 онд Үйлдвэрлэлийн удирдлагын ангид элсч, 2000 онд сургуулиа төгссөн. Социалист нийгмийн төгсгөл Ардчилал нийгмийн эхлэл  тухайн үед хувийн өмч гэдэг зүйл бий болж, их хувьчлал явагдаж, Монголын томоохон компаниуд дөнгөж сууриа олж байсан тэр үед үйлдвэрлэлийн удирдлага буюу менежмент, маркетингийн чиглэлээр сургуулиа төгсөж байсан нь тухайн үеийн төгсөгчдөд аз тохиосон нөгөө талаас хүчээ сорьж үзэх боломж олгосон цаг үе байсныг О.Амартүвшин захирал хэлсэн. Тэрбээр сургуулиа төгсөөд “Мобиком” корпорацад урьдчилсан төлбөрт үйлчилгээний “Моби карт” хариуцсан маркетингийн менежерээс анхны ажлын гараагаа эхэлж байжээ. Ингээд жил хагас  ажилласны дараа хэдийгээр КТМС-д магистрын зэрэг хамгаалсан ч гадаадад суралцаж мэргэжлээ дээшлүүлэхийн зорьж байсан тул өөрийнхөө цуглуулсан мөнгөө шавхан Японд суралцахаар явсан байна. Японд очоод зургаан суралцаж, хажуугаар ажил хийн амьдарч байсан ч аавынх нь бие муудаж санааг нь зовоож эхэлсэн байна. Нөгөө талаас Япончуудын амьдралын хэмнэл, арга барил, онцлог огт таалагдаагүй, нийгэм нь хүнийг хийх ёстойгоо хийж, авах ёстойгоо ав гэсэн “робот” шиг байдалд уусгаад байгааг мэдэрсэн тул, ар гэрийн ч, өөрийн нь нөхцөлөөс үүдэж буцаж ирэх шийдвэр гаргасан тухайгаа ярьсан. Энэ талаар тэрбээр нэг сонирхолтой түүх ярьсан юм.  Тэрбээр “Би амралтын өдрүүдээр  айл нүүлгэдэг  цагийн ажил хийдэг байсан.  Тухайн үед биднийг хариуцаж байсан захирал тэтгэвэрт гарч, том ёслол болоход түүний дор ажиллаж байсан 60 дөхөж байгаа ахлах нь орыг нь залгаж, захирал болчхоод “Миний нэг насны мөрөөдөл биеллээ” гэж хэлж байсан. Тэр нь нүүлгэлт хийдэг том компанийн арваад хүнтэй жижигхэн салбар л байсан байхгүй юу. Тухайн үед би бодож байсан юм. 60 хүртлээ ачаа зөөгөөд, жижигхэн салбарынх нь ахлагч болоод, тэтгэвэрт гарахаар захирлаар оронд очно гэдгийг хараад энэ үнэхээр байж болохгүй юм байна гэж бодогдсон. Нөгөө талаас очихоосоо өмнө хэдэн хүн хариуцаад маркетингийн менежерээр жил гаран ажилласан болохоор ч юм уу хувь хүн зан чанартай огт нийцэхгүй байсан. Энэ үед би өөрийн зан чанар, өөрийгөө гээгээд байгаа юм шиг санагдаж байсан. Энэ болгоны зааг үе болж, аав өвдөхөөр би шийдээд Монголдоо ирсэн. Хүн юмыг нь ер нь ойлгох нь чухал байхгүй юу. Би одоо үүнийг зөв шийдвэр байсан гэж боддог” хэмээсэн. Ингээд тэрбээр Монголдоо эргэн ирж, “М Си Эс” компанид 2002 онд  Спирт, бал бурам хариуцсан менежерийн ажилд орсноор, энэ салбартаа амьдралаа холбосон байна. Архины талаар нийгэмд сөрөг мэдээлэл нь давамгайлдаг учир яаж маркетингаа зөвшөөрөгдсөн хүрээнд зөв хүргэх вэ гээд маркетинг хийх явц өөрөө маш том сорилт байсан гэдгийг тэрээр хэлсэн. Гурван жил гаруй “М Си Эс” компанид ажиллахдаа тэрбээр “Хараа” болон “Хар Чингис” брэндийг шинээр гаргаж ирэхэд голчлон ажилласан байна. Энэ хугацаанд Спирт бал бурам компаний маркетинг хариуцсан захирал болон тушаал дэвшжээ. Гэхдээ гурван жилийн дараа тэрбээр ахиад л гэнэтийн шийдвэр гаргажээ.  Компаниасаа гарч, өөрийнхөө хүчээ сорихоор шийдэж дараагийн алхмаа хийжээ.

Хаагдах дөхөөд байсан Увсын хүнсний үйлдвэрийг топ компани  болгосон түүх

Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад аливаа компани дампууруулах дөхөж, ашиггүй ажиллаад ирвэл эзэмшигч нь зөв менежмент амласан хүнд нь тэг төгрөгөөр хувьцааг нь зараад эргээд менежмент сэргээд ирэхээр ашгийг хүртдэг жишиг бий. Үүнийг одоо ч гэсэн төсөөлөөд үзэхэд Монголын бизнес эрхлэгчид итгэмээргүй сонсогдож байгаа бол 11 жилийн өмнө дөнгөж 25 настай гурван залуу Увсын хүнсний үйлдвэрийг эзэмшигчтэй  хэлцэл хийж, нэг ч төгрөгийн урьдчилгаа төлбөргүйгээр хоёр жилийн хугацаа амлан, хувьцаа болон ажлын байр, ажилтан буюу компанийг нь бүхэлд нь худалдан авч байжээ. Үйлдвэрийн эзэн нь хотод их сургуульд менежментийн чиглэлийн багш хүн байсан тэгээд үйлдвэр нь аяндаа хаагдах  дөхөөд байсан болохоор энэ нь ашигтай шийдэл гэдгийг ойлгож 25 настай гурван залууд итгэж үйлдвэрээ заржээ. Энэ бол одоогийн “UFC” группийн итгэмээргүй боловч маш сонирхолтой түүх. Тухайн үед Увсын хүнсний үйлдвэрийг эзэн нь зарах саналаа “М Си Эс” групп танилцуулсан ч хүлээж аваагүй байна. Харин энэ саналыг О.Амартүвшин өөрийн хамт ажилладаг байсан найз Т.Дүүрэн болон, тухайн үед “Улаанбаатар принтинг” компанийн захирал байсан ангийн найз Н.Цэрэнбаттай хамтран төсөл болгохоор шийдэж боломжийн хэмжээнд банкнаас зээл авч ажлаа эхэлжээ. О.Амартүвшин захирал “Бид Увсын хүнсний үйлдвэрийг худалдан авахдаа чацарганыг хамгийн том нөөц боломж хэмээн харсан. Нөгөө талаас баруун бүс дээ архи, ундаа, хүнсээр хангах хангалттай зах зээл байсан. Ингээд стратеги төлөвлөгөө, менежментээ боловсруулж орчин үеийн хүнсний үйлдвэр болгохоор зүтгэсэн” хэмээв.

 

Увсын хүнсний үйлдвэр тухайн үед  архи, ундаа, гоймон, нарийн боов, өтгөрүүлсэн чацарганыг бага хэмжээгээр үйлдвэрлэдэг ихэнх нь том төхөөрөмжөө зогсоочихсон, 28-хан ажилтантай байжээ. Ийм үйлдвэрт хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй нь тодорхой байсан бол залуус бүтээгдэхүүний сав баглаа, өнгө үзэмж, төрөл, чанарыг сайжруулж борлуулалтаа нэмэгдүүлэхэд анхаарч эхэлжээ. Тухайн үед тал талаасаа хөрөнгө нийлүүлэн банкнаас авсан зээл, хөрөнгөө бүгдийг нь үйлдвэртээ шингээж хоёр жил ажилласны эцэст үйлдвэрийн эзэмшигчид нь амласан мөнгийг нь өгч, Увсын хүнсний үйлдвэрийг өөрсдийн эзэмшил болгон авч байжээ. Ингээд хоёрхон жилийн дотор тус компани   Увсын хүнсний зах зээлийг 80 орчим хувьтай барьж, төсвийн орлогынх нь 90 хүртэлх хувийг татвараараа бүрдүүлж байжээ. Цаашлаад, Ховд, Баян- Өлгий, Ховд аймаг хоёр жилийн дараа буюу 2007 онд Улаанбаатар хотод үйлдвэрээ барьж, 2008 онд гэхэд хотод хөлөө олсон байна. Ингээд  2007 онд “Морьтой Чингис” брэндээ зах зээлд танилцуулж, жил гаран буюу 2008 оны хямралын дараа зах зээлд танигдаж, тасралтгүй хоёроос гурван жил архины салбартаа борлуулалтаараа тэргүүлсэн байна. Түүнчлэн жилд таван тонн л боловсруулдаг байсан чацарганыг Монголын төдийгүй дэлхийд манай улсын нэрийг гаргах бүтээгдэхүүн болгоход “UFC” компанийн хувь нэмэр их. Учир “UFC” групп чацарганыг өдгөө Монгол хүн бүрийн хэрэглээ болоход нөлөөлөхөөр хэмжээний сурталчилгаа, маркетингийн 2005 оноос тасралтгүй хийснээ О.Амартүвшин захирал онцолсон. Өнөөдөр хүн ханиад хүрэхээрээ халуун чацаргана уудаг болсон нь өөрөө хэрэглээ ямар өргөн болсны энгийн жишээ. Тэрбээр “Анх “Морьтой Чингис”-ийг танилцуулж байхад энэ салбартаа номер нэг болж үзэхийг хүссэн, үүндээ ч хүрсэн. Одоо бол би барилгад татагдаад эхэлсэн. 


Монгол шиг жижиг савлагаатай зах зээлд бизнес нэг хөлтэй байна гэдэг хэцүү. Тэгэхээр дор хаяж 3-4 тогтмол орлоготой бизнестэй болох ёстой” гэж үзсэн хэмээв. “UFC” групп сүүлийн улам өргөжиж, өдгөө архи, чацарганаас гадна үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, газар тариалангийн салбарт түлхүү хөрөнгө зарцуулж, 300 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.  “UFC” групп “Морьтой Чингис” архиа Лондон, савласан чацарганаа БНСУ, Япон улсад экспортолж байна.  Мөн “UFC” группд  Английн нэг том компани хөрөнгө оруулалт хийхээр хэлэлцээний шатанд явж байгааг тэрбээр дуулгасан. Хэрэв энэ хэлэлцээ амжилттай болбол “Морьтой чингис” архиа дэлхий дахинд борлуулах сүлжээнд нэгдэхийн зэрэгцээ, үйлдвэрлэлээ өргөжүүлэх юм байна. Дашрамд, сүүлийн таван жилд “UFC” групп улсад 30 тэрбум төгрөгийн татвар төлжээ. О.Амартүвшин бизнесийн салбарт ажиллаж буй 16-хан жилийн хугацаандаа Монголын хоёр том корпорацын маркетингийн багт ажиллахын зэрэгцээ Монголдоо дээгүүр үнэлэгдэх том компанийг үүсгэн байгуулж, амжилттай яваа гэдэг нь өөрөө түүний хэр амжилттай бизнесмен гэдгийг тов тодорхой хэмжүүр.  Тэрбээр “Хүн аливаад хэт шунаж амьдарвал тэр нь тухайн хүндээ зовлон болдог. Юм болгон өөрийн гэсэн цаг хугацаа, хэм хэмжээ, утга учиртай байдаг гэсэн бурхны номонд би итгэдэг” хэмээн ярианыхаа төгсгөлд нь хэлсэн юм. Ирэх ёстой цаг хугацаандаа ирж, хийж бүтээх ёстой бүхнээ бүтээж яваа О.Амартүвшин гэх залуу бизнесмены  эцэж цуцалтгүй тэмцэл, гэнэтийн шийдвэр дүүрэн амжилтын түүхээс хүргэлээ.

                                                                                                     

                                                                                                             “Үндэсний шуудан” сонин  2016.03.10 даваа гараг V нүүр    Б.Ууганбаяр

  

ЗУРГАН ДЭЭР ДАРЖ, ДАРААГИЙН БИЧЛЭГЭЭ УНШААРАЙ, БАЯРЛАЛАА.

хэлэгдэх учиртай үгс
урам зоригийн түүхүүд